Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш, Хятад, Монголын харилцаа шинэ нөхцөл
байдалд бүхий л салбарт хурдацтай хөгжив. Хоёр орны харилцааны шинэ үеийн
хөгжлийн билэг тэмдэг хоёр орны худалдаа, Хятадын Монгол дахь хөрөнгө
оруулалтаар жишээлж үзэхэд өнгөрсөн зууны сүүлчээс эхлэн Монголын гадаад
худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын дотор Хятад улс тэргүүн байрыг эзлэх
болсон билээ. Гэвч, Хятад, Монголын харилцаа өнөөдрийг хүртэл тасралтгүй
хөгжихдөө хоёр орны ард түмэн сэтгэхүйгээрээ бараг л ойртоогүй, үл ойлголцсон байдал
шийдвэрлэгдээгүй, урт удаан хугацаанд оршин байгаа сэтгэлийн зангирал бүрэн
дүүрэн арилаагүй. Эдгээрээс улбаалан тасралтгүйгээр бэхжиж буй бодит түншлэлийн
харилцаанд оюуны санааны хүрээний дэмжлэг дутагдаж, бүр “Хятадын аюул”-ын онол
Монголд оршиж байж, хоёр орны харилцааны өнөөгийн нөхцөлд уялдаагүй дуу хоолой
болон гарсаар байна. Яагаад ийм нөхцөл байдал үүсэх болов? Энэхүү өгүүлэлд энэ
талаар задлан шинжилж, гаргалгаа хийн, улмаар үүний эсрэг ямар арга хэмжээ
авбал зохилтой талаар саналаа танилцуулах болно.
Нэг. Бодит түншлэлийн
харилцаа болон оюун санааны хүрээнд дутуу дулимаг зүйл байгаагийн шалтгаан
Материаллаг зүйлд тулгуурласан түншлэлийн харилцаа болон оюун санааны хүрээний
хооронд ялгаа байх олон шалтгаан бийг энд дурдах зайлшгүй шаардлагатай. Энэ нь
түүхэн шалтгаан болон мөн бодит хүчин зүйлсээс улбаатай, түүхэн болон бодит
хүчин зүйлийн нөлөөгөөр үүсч бий болсон гэж үзэж болно. Түүхэнд Монголын эзэнт
гүрэн бол үгээр хэлэхийн аргагүй хөгжил цэцэглэлт, нэр хүндтэй байсан бол
өнөөгийн Монгол улс Хятад, Орос хоёр их хөршийн хооронд хавчуулагдсан, өчүүхэн
жижиг улс болон хувирсан билээ. Энэ нь Монгол хүний сэтгэхүйд хүлээж авахад
бэрх хоцрогдол, ялагдлыг мэдрүүлсэн. Өнгөрсөн зууны 90-ээд оны эхэнд
Монгол Улсад нийгэм өөрчлөгдсөний дараагаар энэхүү хоцрогдол, ялагдсан гэх
сэтгэхүй улам бүр нэмэгдэж, үндэсний үзэл сэдрэн гарч, адилхан байсан,
хоцрогдсон, ядуу буурай Хятад улс эдийн засгийн хувьд хурдацтай хөгжсөн болон
олон улсын үйл хэрэгт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдсэн нь монголчуудад “тэд
түүхэнд хятадын эзэрхийлэлд автаж байсан гэж үзэх хар сүүдрийг дагуулах”-аас
гадна Америк, Япон зэрэг барууны улсуудаас түүнийг нь хатган “Хятадын аюулын
онол”-ыг гаргаж ирсэн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр Монголын экстремист хүчнүүд
“жад”-ныхаа үзүүрийг Хятад улс руу чиглүүлэх болсон. Олон улсын харилцаанд
өнгөрсөн, эсхүл одоогоос үл хамааран жижиг улсын сэтгэхүй сул доройдоо
тулгуурласан, ялангуяа Монгол шиг Хятадтай түүхэн гүнзгий холбоотой улсын хувьд
зарим хүмүүс сэтгэл дотроо Хятадаас сэрэмжлэх, болгоомжлох сэтгэхүй нь маш
хүчтэй байдаг. Улс төрийн хувьд “Хятад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй”
болон “Хятад Монголыг эргүүлэн авна” гэсэн ойлголтууд хамгийн их тархсан
байдаг. Хонконг, Макаог эргүүлэн авсны дараагаар зарим хүмүүс “Хятад Хонконг,
Макаогийн асуудлыг шийдсэний дараа Тайваний асуудал гарч ирнэ, Тайваний
асуудлыг шийдвэрлэсний дараа Монголын асуудлыг шийдвэрлэх ээлж ирнэ” гэж ярьж
байв. Бүр зарим нэг нь “Хятадын төрийн далбаан дээр байдаг 5 одны учрыг тайлбарлан
ярихдаа “хамгийн том од нь Хятад, бусад дөрөв нь Хонконг, Макао, Тайвань,
Монгол. Хонконг, Макаог эргүүлэн авлаа, Дараагийнх нь Монгол, Тайвань юм” гэж
ярьж байв. Тэр бүү хэл эдийн засгийн салбарт ч Хятадын талаар таарамжгүй яриа байдаг.
Өнгөрсөн зууны 90-ээд оноос Монголын нийгэм шилжиж ахуй бэрхшээлтэй үед Хятад
улс тусламжийн гараа сунгасаар ирсэн. Улмаар Монголын гадаад хөрөнгө оруулалт
болон худалдаанд тэргүүлэх байр суурь эзлэх болсон. Гэвч Монголчууд Хятад
Монголын баялгийг булаан авах гэж байна, Монголыг мөлжиж байна, Монголыг
Хятадын түүхий эдийн бааз улс болгох гэж байна гэх яриа гарахын зэрэгцээ нийслэл
Улаанбаатарт Хятадын Монгол дахь аж ахуйн нэгжүүдийн эсрэг зодох, бусниулах,
булаах, шатаах хөдөлгөөн гарсан.
Дээрх яриа болон хөдөлгөөн зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийнх гэвэл бодитой бус
юм. Өнгөрсөн зууны 90-ээд оны үеэс явагдсан санал асуулгын дүнгээс үүнийг харж
болно. Өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үед Монголын судалгааны байгууллагууд
гадаад улсын талаар хэрхэн мэдэх вэ гэсэн асуулга явуулахад Хятад 5 оноотойгоор
АНУ, Япон, Орос, Өмнөд Солонгосын ард орж байсан. 2006 онд Монголын иргэдийн
дунд явуулсан судалгаагаар Монгол хүнд хамгийн сэтгэгдэл үлдээсэн улсаар Орос
7.5, Америк 7.3, Өмнөд Солонгос 7.1, Япон 7, Герман 6.5 болон Хятад дөнгөж 5.5
оноогоор удаалсан байдаг. 2008 онд Монголын харьцангуй нэрд гарсан интернэт
сайт Монгол Улс санхүүгийн хямралын эсрэг бодлогыг хэрэгжүүлэхэд ямар улсаас
зээл авах талаар санал асуулга явуулахад олон улсын валютын сангаас зээл авах
гэж 42 хувь, Японоос гэж 23 хувь, 13 хувь нь Катараас, 7 хувь нь Оросоос гэсэн
бол дөнгөж 4 хувь Хятадаас гэжээ.
Дээрхээс Монгол хүний сэтгэхүйд Хятад улс ямархан дүр төрхтэй болохыг
хялбархан харж болно. Ийм дүр төрх нь Хятадын Их гүрний байр суурь болон
Монголтой 4700 км-ээр хиллэдэг хилийн шугамтай хөрш улсын хувьд байж болохгүй
дүр байдал юм. Монгол болон бусад хөрш улсууд Хятадыг бүх талаар, бодитой
ойлголцож, харилцааг явуулах нь Хятадын хилийн аюулгүй, тогтвортой байдалтай
холбоотой талаас нь асуудлыг авч үзэх хэрэгтэй юм.
Хоёр. Гадаад харилцаанд
соёлын зөөлөн хүчин чадлын гүйцэтгэх үүрэг
Хятад улсад соёлын зөөлөн хүчин чадлын гадаад харилцаанд эзлэх байр суурийн
асуудал улам бүр анхаарал татах болов. Ху Зиньтао дарга 2006 онд нэгэн удаагийн
илтгэлдээ “Хэн соёлын хөгжлийн өндөр цэгт хүрнэ, тэр олон улсын өрсөлдөөн дунд
голлох эрх мэдлийг олж авна” гэж тэмдэглэсэн байдаг. 2007 онд, ХКН-ын 17 дахь
удаагийн их хурлын илтгэлдээ Ху Зиньтао ерөнхий нарийн бичгийн дарга “ Соёлын
зөөлөн хүчин чадал” энэхүү ойлголтын талаар онцлон тэмдэглэж, “Өнөө үед соёл
үндэстний нягтрал, бүтээн байгуулах чадварын эх булаг болж, улсын нэгдмэл хүчин
чадлын гол хүчин зүйл болох боллоо” гэж хэлсэн байдаг. Энэ нь “Соёлын зөөлөн
хүчин чадлыг нэмэгдүүлэх” нь улсын стратегийн асуудал болохыг илэрхийлж байна.
Үүний дараа Ерөнхий сайд Вэнь Зябао болон БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин нар
илтгэл яриандаа соёл улс хоорондын болон олон улсын харилцаанд ямар чухал
үүрэгтэйг өгүүлсэн байдаг. 2009 онд Си Зиньпин дарга Германы Франкфуртын номын
үзэсгэлэнд голлох зочин улсын хувиар оролцохдоо “Соёлын нөлөөлөл орон зайд
хязгаарлагдахгүй, улсын хил хязгаараас давсан. Соёл харилцаанаас харилцаанд өргөжиж,
улам бүр гайхамшигт болж байна. Улсуудын харилцаа иргэдийн дотно байдалд
тулгуурлах бөгөөд иргэд харилцан ойртоход соёлын харилцааны үүргийг анхаарахгүй
байх аргагүй. “Соёл ус адил бүхнийг ундаална” соёлоор дамжуулан хүний сэтгэл
рүү орж чадна, соёлоор дамжуулан нийгмийг эв нийцтэй байлгаж чадна. Бодит хэрэг
дээр дэлхийн олон туйл, эдийн засгийн глобалчлал гүнзгийрэн хөгжсөн өнөөдөр
олон төрлийн үзэл бодол соёлын харилцаа улам бүр өөрчлөгдөн хөгжиж, амьдлаг
болж байна. Бодит байдалд, дэлхий олон туйлтай болж, эдийн засгийн глобалчлал
гүнзгийрэн хөгжсөн өнөөдөр олон төрлийн санаа, соёлын харилцаа нь улам бүр
цэцэглэн хөгжиж өөрчлөгдөж байна.
Бодит арга зүйн тухайд, маш баялаг Хятадын соёл улс хоорондын харилцааны
чухал бүрэлдэхүүн хэсэг болж чадсан. Кунзын институт дэлхийн олон оронд
байгуулагдсаныг жишээ болгон үзвэл. 2009 оны 10 сар гэхэд дэлхийн 87 орон бүс
нутагт 280 гаруй кунзын институт, 200 гаруй кунзын хичээлийн байр байгуулсан. Гэвч
зарим оронд дутуу дулимаг зүйл байна. жишээ нь Монголд. Сүүлийн жилүүдэд Япон
улсын Монголд ажиллаж олсон амжилт нь анхаарал татаж байна. Японы баримталж буй
тактик бол эдийн засгийн тусламжийг идэвхжүүлж, соёлын нэвтрэлээр хүний
сэтгэлийг худалдан авах юм. Энэхүү арга нь Монголын засгийн газар, ард түмний
талархлыг хүлээж Япон улс бидэнд тусалсан гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Түүнчлэн,
соёл боловсролыг бэхжүүлэх “өвсний үндэс “ хөтөлбөрийн хэрэгжилт, Монголын ард
түмэн Японд талархах сэтгэлийг улам бүр нэмэгдүүлсэн. Эдийн засгийн хөрөнгө
оруулалт бол цаг хугацааных, соёл, боловсролын хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлснээр Монгол хүний сэтгэлд гүн гүнзий ул мөр үлдээж чадна гэдгийг
Япончууд мэдсэн. Япон хүний сэтгэлийг худалдан авах арга хэрэгсэл цэцэг адил
дэлгэрч, монгол хүн Японд талархах сэтгэл тасралтгүйгээр нэмэгдсэн. Японы
Гадаад харилцааны сайдын илтгэлд “Өнөөдөр Япон Монголын хамгийн талархан хүлээн
авдаг улсын нэг болсон” гэдгийг илэрхийлсэн юм. Дэврүүлээд хэлэхэд, Япон сүүлийн
хэдэн жилд эдийн засгийн тусламж болон бусад ажлуудын тусламжтайгаар хоёрдугаар
дайны үед монголын ард түмний сэтгэл дотор тогтсон хар толбоо арилгаж, түүхийн
үе шатыг давж гарсан. Анхаарал татсан зүйл бол Монголын бүхий л хэвлэл
мэдээллийн хэрэгсэл Японыг Монголд хамгийн найрсаг улсуудын нэг гэсэн
жагсаалтад оруулсан явдал юм. 2004 онд Монголын зүгээс Японд хоёрдугаар дайны
үед Монголд олзонд байсан 10100 цэргийн баримт материалыг хүлээлгэн өгсөн,
Японы хүсэлтээр Монгол Улаанбаатарын өмнө хэсэгт Монгол, Японы цэргийн хөшөө
босгосон. НҮБ-ын шинэчлэлтийн асуудлаар Монгол Японыг Аюулгүй зөвлөлйин байнгын
гишүүн болохыг дэмжсэн, мөн Хойд Солонгосын асуудлаар дэмжлэг өгч ажилладаг,
Солонгосын хойгийн цөмийн асуудлаар нэг байр суурьтай байдаг, бүр 2008 онд НҮБ-ын
Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвших эрхээ Японд найр
тавин өгч байлаа.
Гурав. Соёлын зөөлөн
хүчийг ашиглан Монголын манай улсад сэрэмжлэх сэтгэлгээг бууруулах.
Илэн далангүйгээр өгүүлэхэд, Хятад, Монголын харилцаанд хамгийн том асуудал
бол хоёр талын харилцан итгэлцэл дутмаг байгаа асуудал юм.
Хятадын өнцгөөс харж өгүүлбэл, зарим нэг хүмүүс Монголын тусгаар тогтнолыг
янз бүрээр тайлбарладаг, бүр зарим нь Хятадын ар хударгаар гурван монголыг
нэгтгэх гэж байна гэж харддаг. Монголчуудын хувьд түүхэн шалтгаанаас
улбаатайгаар цөөнгүй монгол хүн, түүний дотор засгийн эрх баригч зарим хүмүүс
Хятадаас сэрэмжилж байдаг ба Хятад эрт орой Монголыг эргүүлэн нэгтгэх гэсэн
бодолтой байдаг гэж санаа зовнидог. Ердийн монгол хүн Хятадад цагаанаар
атаархдаг бас атаархаж хорсдог, басамжилж доромжилдог бас айж сэртхийдэг,
харилцаж чаддаг бас өшиж хорсдог байдал оршсоор байна. Хэт ойртохгүй, хэт
холдохгүй, угтаж авна харин элгэмсгээр ойртохгүй, хамтран ажиллана харин
дагахгүй, найрсаг байна, харин сэргийлнэ гэдэг нь бараг л Монголын Хятадын
талаарх бодлого стратеги болоод байна. Хятад, Орос хоёр том хөршийн дунд оршдог,
геополитикийн үүднээс хоёр их хөрштэйгөө сайн харилцаатай байх ёстой гэж монголчууд
үздэг. Зөвхөн ийм л янзаар Монголд ашигтай байж чадна. Гэвч үүний зэрэгцээ
Хятад, Орос хоёр улсын аль нэг талын дарамт шахалтанд орохгүйн үүднээс
гуравдагч хөршийг эрэлхийлэн, аюулгүйн байдлын баталгаагаа олохын зэрэгцээ олон
улсын тавцан дахь байрь сууриа нэмэгдүүлнэ. Мөн их хэмжээний тусламж дэмжлэг
олно гэж үздэг. Хятадтай харилцах харилцаа бол эдийн засгийн ашиг сонирхол дээр
суурилсан бол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлын
тухайд АНУ зэрэг барууны улсуудыг түшихэд чиглэгджээ. Гуравдагч хөрш хэмээх
ойлголт нь бодлогын бичиг баримтаас урган гарсан юм. Энэхүү үзэл баримтлал нь
1994 онд Монгол Улсын Их хурлаар хэлэлцэн баталсан тулгуур шинжтэй эрхзүйн
бичиг баримт болох Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал болон Монгол
Улсын ҮАБ-ын үзэл баримтлалууд юм. Тэргүүн хэсэгт нь Орос, Хятад нь Монголын гадаад бодлогын
тэргүүлэх чиглэл гэсэн бол дараагийн заалтад нь “Эдийн засгийн салбарт, улсын
стратегийн шинжтэй нөөцийг нэг улс болон хэд хэдэн улс дангаар эзэмшихийг
хязгаарлаж, Монгол Улс бусад улсын түүхийн эдийн хараат болгохоос сэргийлнэ”
гэжээ. Монголын хоёр их хөрш Хятад болон Орос бол түүний стратегийн нөөц
баялгийн салбарт урьдчилан сэргийлэх чухал цэг болох нь маш тодорхой байна.
Нэн ялангуяа Монголын өргөн олон нийт рүү чиглэсэн сэжиглэл, болгоомжлолыг
бууруулах ажил бол бидний цаашид, удаан хугацаанд хэрэгжүүлэх гадаад харилцааны
ажлын чухал үүрэг болох Монгол хүмүүсийн дунд оршсоор байгаа дээрх үзэл бодлоос
хялбархан харж болно. Энэ бол хоёр улсын түүхэн баялаг харилцаа болон одоогийн
харилцааны онцлогоос урган гарч буй юм. Япон улсын сүүлийн жилүүдэд Монголд
хэрэгжүүлж буй дипломат бодлогын амжилтаас нь суралцах зүйл цөөнгүй. Японы
Монгол дахь “Засгийн газрын хөгжлийн тусламж”-ийн голлох хэлбэр нь хөнгөлөлттэй
зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа бөгөөд зорилго нь
хүмүүнлэгийн үзлийг хэрэгжүүлэх, аюулгүй байдал, энхтайваны олон улсын орчныг
бүрдүүлэх, дэмжлэг авагч улсын ашиг сонирхлыг анхаарах, Японы имижийг
сайжруулж, халдан түрэмгийлэгчийн муу талын нөлөөг арилгахад оршиж байв.
Дээрхийн адил “Эдийн засгийн тусламж ус мэт урсаж, соёлоор нэвтрэн хүний сэтгэлийг
татах” арга бол маш их юм. Японы Монгол руу чиглэсэн сумогийн бодлогыг жишээ
татвал, жил бүр Японы талаас монголын нэг хүүхдийг японд сүмогийн сургалтад
хамруулан, улмаар сургалтын үр дүнд сүмогийн ёкузона цолыг хүртэл авч байгаа нь
монгол хүн япон хүнтэй ойр дотно харилцаатай болох хийгээд Японд талархах
сэтгэлийг бэхжүүлэв.
Япончууд хийж болж буй зүйлийг бид яагаад хийж болохгүй гэж? Үүнд бидэнд онцгой
давуу тал хараахан бүрэн дүүрэн бүрэлдээгүй байна. Хятад, Монгол хоёр улс өргөн
хүрээнд соёлын арга хэмжээг хэрэгжүүлж болох талбар бол манай улсын ӨМӨЗО-оор
жишээ болгон яривал, хил дамнасан оршин сууж буй нэг үндэстэн, монгол хэлээр
хоорондоо ойлголцож, зан заншил адил зэрэг нь хоёр талын энэ чиглэлийн
харилцааг явуулахад маш хялбар бөгөөд ашигтай нөхцлийг бүрдүүлж байна. Хоёр тал
монгол үндэстний морин хуур, уртын дуу, бөх, нум сум зэрэг олон талаар
харилцаж, харилцаа, хамтын ажиллагаагаа, найрсаг дотно байдлаа бэхжүүлэх
боломжтой. Хятад, Монгол хоёр улс 2005 онд уртын дууг ЮНЕСКО-ийн соёлын өвд
бүртгүүлсэн нь хамтын ажиллагааны сонгодог амжилт юм.
Үүний зэрэгцээ 90-ээд оноос хойш манай улсын Өвөр монголын монгол хэлний
суваг болон Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай Сансар кабелийн телевиз
Монголд нээгдэж түүх, урлаг уран сайхан, спорт, мэдээлэл, цаг үеийн
хөтөлбөрүүдийг хүргэж эхэлсэн нь монголын өргөн олон нийт үзэгчдийн сонирхлыг
татаж, энэ талаар хоёр тал хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд болон Монголд
биднийг сурталчлах сайхан боломжийг бүрдүүлсэн. Хятад, Монгол хамтарсан хөрөнгө
оруулалттай Сансар кабелийн телевиз нэвтрүүлэг цацсанаас хойш Хятадын ТВ-ийн
нэвтрүүлэг гарах болж, Хятадын төв телевизийн сувгуудаас гадна мөн феникс,
Бээжин, Өвөр монгол, Шанхай, Шинжаан зэрэг хорь гаруй суваг Монголд гарах болж,
монголын өргөн олон үзэгчдийн эдийн засаг, соёл, биеийн тамир, боловсрол, өдөр
тутмын амьдралд маш их нөлөө үзүүлж, монголын ард түмэн Хятадыг тодорхой ойлгох,
мэдэх, Хятадын гүйцэтгэх үүргийг ойлгоход идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Иймээс
энэ чиглэлээр сайн ажиллаж, улмаар монгол хүний хэрэгцээ шаардлагад нийцэхүйц
хөтөлбөрөөр баяжуулах хэрэгтэй байна. Хоёр орны соёлын харилцаанаас харахад, Кунзын
институт нээгдсэн болон 1998 онд хоёр улсын засгийн газар хооронд гарын үсэг
зурсан “Боловсролын зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр” болон
2000 онд хоёр тал гарын үсэг зурсан хятадын талын буцалтгүй тусламжаар монгол
оюутныг сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” зэрэг нь хоёр орны
боловсролын салбарын хамтын ажиллагааг шинээр урагшлуулав. 2010 оны эхэн гэхэд Монголын
холбогдох албаны мэдээллээр жил бүр хятадад албаны шугамаар суралцаж буй оюутан
болон өөрийн зардлаар суралцаж буй оюутны тоо 3 мянга гаруй болсон байна. Тэдний
нэлээдгүй хэсэг нь цаашид хоёр улсын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг
хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно. Иймд хамтарсан найрамдалт арга
хэмжээгээр тэдний ажлыг бэхжүүлэх хэрэгтэй.
Хятад, Монголын харилцаа хөгжиж байгаа ба Хятадын олон улсын байр суурь бэхжиж
байгаатай холбоотойгоор Хятадад сурч буй монгол оюутны тоо нэмэгдэхийн зэрэгцээ
Монголын дотоодод мөн хятад хэл сурах явдал нэмэгдэж байна. Орос болон англи
хэл бол монголын залуучуудын хамгийн эхэнд сонгодог хэл байсан үе өнгөрч, одоо
цөөнгүй монгол хүүхэд хятад хэлийг сонгон сурч, хятад хэл сурах хүний тоо
зөвхөн англи хэлний дараа орж байна. Монголын холбогдох албаны стаитстикаар
монголын 41 их дээд сургуульд болон 14 дунд сургуульд хятад хэлний хичээл орж
2600 гаруй хүн сурч буй гэсэн статистик байна. Хятад хэлний сургалтын төв үүнд
ороогүй. Монголын залуучуудын хятад хэл сурах эрмэлзэл нэмэгдэж буйтай
холбоотойгоор Вэнь Зябао Ерөнхий сайд ирэх таван жилд 2000 оюутан сургана
гэдгээ Монгол Улсын засгийн газарт амлав. Мөн 300 залууг Хятадад аялахыг
урьсан. Мөн С.Батболд ерөнхий сайдтай хамт Хятадын соёлын төвийн нээлтийн арга
хэмжээнд оролцсон. Энэ нь хятадын засгийн газарын гадаад дахь 9 дэх соёлын төв,
хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдлын шинэ тавцан болно
гэдэгт итгэж байна.
Дээр дурдсанаас зөвхөн одоо байгаа асуудлуудыг анхаарч, холбогдох бодлогыг
хэрэгжүүлснээр харилцан ойлголцолтойгоор, Монгол руу чиглэсэн гадаад харилцаандаа
Хятадын эдийн засгийн болон зөөлөн хүчний боломжийг нэгтгэж гэмээ нь
монголчуудын хятадаас сэрэмжилсэн, хардсан үзэл аажим аажмаар алга болно.
Мэдээж, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яарах хэрэггүй, хоёр орны улстөрчид,
холбогдох алба, судлаачдын мэдлэг, идэвх хэрэгтэй. Хоёр орны урт удаан
хугаацааны эрх ашгаас гарсан эрүүл цэвэр бодит хандлагаас асуудлыг шийдвэрлэх
арга замыг хайж, Хятадын Монгол руу чиглэсэн стратегийн хэрэгцээ шаардлага
гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэхүү макро том зорилтыг хэрэгжүүлж, харилцан итгэлцлийг
бэхжүүлэх нь маш чухал юм.
Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн Евро-Азийн Нийгмийн
хөгжлийн судалгаа сэтгүүлийн 2011 оны дугаарт судлаач Ван Иминий бичсэн
өгүүллийг бүрэн эхээр нь орчуулав.
Орчуулсан О.ЦЭРЭНДОНДОГ
No comments:
Post a Comment