Monday, August 20, 2012

Долларын уналт ба асуй эдийн засгийн хямрал


ДОЛЛАРЫН УНАЛТ БА АСУЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ

                                                                                                Эдийн засгийн хямрал ахин асуй
Хэрвээ та телевизээ асаагаад, эсвэл ойр байх сонины хуудсыг эргүүлээд, нэг бол одоо энэ өгүүллийг уншаад үзэж суугаа шигээ хэвлэлийн цахим хуудас руу өнгийвөл 4 жилийн өмнө Монгол Улс эдийн засгийн хямралд өртлөө, гадаад валют хомсдож төгрөгийн ханш сулраад юмны үнэ тэнгэрт хадаж ер нь нэг болохоо болилоо гээд шуугиулж байсан "алдарт" дэлхийн эдийн засгийн хямрал өнгөрсөн түүх болсон мэт харагдаж магадгүй. Яагаад гэвэл энэ талаар ярьж хэлж байгаа толгойнууд алга, байсан ч дуу нь чанга сонсогдохгүй байгаа бололтой. Гэтэл олон улсын сая сая хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж,  гадаад эдийн засагтай холбоо сүлбээ муутай учир харьцангуй хамаарал багатай хэмээгдэж байсан Монгол Улсын валютын нөөцийг хүртэл шавхахдаа тулаад "Олон Улсын Валютын сан"-гаас "зээлийн гуйлга" гуйхад хүргэж байсан энэхүү хямрал гээч зүйл дуусаагүй бөгөөд 2008 оны байдлаар дөнгөж эхлэх үйл явцдаа байсан гэдгийг хямралын өлгий нутаг болох АНУ-ын цөөнгүй эрдэмтэд, судлаачид ярьж хэлэлцүүлж анхааруулах болжээ. Тэгвэл санхүүгийн хямралаас хойш олон улс эдийн засгийн өсөлттэй, тухайлбал бид 17 хувийн эдийн засгийн өсөлттэй байхад энэ хямрал чинь арилсан юм бишүү гэж гайхаж магад. Тэгвэл хариулт нь үгүй ажээ. Тэр үед АНУ-ын засгийн газраас хямралд орж зогсонги байдалд орсон эдийн засгаа аврахын тулд зөвхөн өвчин намдаах тариаг л хийсэн байна. Өөрөөр хэлбэл царцсан эдийн засагт холбооны нөөцийн сангаас ихээхэн хэмжээний мөнгө оруулсанаар уналтанд орох аюулыг түр хойшлуулжээ. Тэгвэл дараагийн асуулт "Яагаад ахин эдийн засгийн хямрал нүүрлэнэ" гэж тавигдах учиртай. 
Хямралын шалтгаан
Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч гэгддэг АНУ өнөөдөр нэг зүйлд үндсэндээ живсэн гэж хэлж болно. Монгол Улсын хувьд ч энэ талаар судлаачид адилхан анхааруулж "1924-1990 онд цуглуулсан энэ зүйлийг 2000 оноос хойш хэдхээн жилийн дотор хэд дахин үржүүлсэн" гэдгийг хэлсэн. Энэ зүйл бол УЛСЫН ӨР. Өр бол товчхондоо өөрт байхгүй юмыг хэн нэгнээс зээлж хэрэглэхийг хэлдэг. Тэгвэл Улсын өр нь улсын хэрэглэж байгаа зүйлийн өртөг үйлдвэрлэж байгаа зүйлийн өртгөөсөө давж зөрүүг нь хэн нэгнээс зээлж авч байна гэсэн үг. Улс гэдэг утгаараа зээлээс бултах гэсэн зүйл үгүй тул зээлдүүлэгч нар тэдэнд дуртайяа зээлдүүлж хүүгээ, зээлийн үндсэн хэмжээтэй нь хэд дахин өсгөөд буцаагаад авдаг. Гэтэл 1970 оноод дунд эхэн үед бий болгосон томоохон алдааны улмаас энэ зээлийн хэмжээ сая саяаар биш хэдэн тэрбум, наядаар тоологдохоор өсч эхэлжээ. Өнөөдөр АНУ-ын Засгийн газрын өр 16 их наяд буюу хэрвээ энэ өрийг 100-тын доллараар өрж байшин баривал 2001 онд террористуудад мөргүүлж нурсан (гэхдээ зарим хүн Буш өөрөө дэлбэлсэн ч гэж яридаг) 2 ихэр цамхагийг 21 ширхэгийг барьж болохоор гайхамшигтай өндөр үзүүлэлттэй байна. Хэрвээ энэ үнэн бол бидний баян хүчирхэг улс гээд байдаг АНУ өрөндөөө баригдсан ядуу улс болж таарах нь. Өөр нэг тооцоогоор энэ их өрийг төлөхөд АНУ-ын холбооны нөөцийн сангаас гаргасан 2.7 их наяд долларын цаасан дэвсгэртүүд ч хүрэхгүй гэжээ. Уг нь мөнгийг хүмүүс цаасан мөнгө буюу гарт баригдаж нүдэнд харагдах зүйл гэж ойлгодог байсан бол мөнгө маань одоо сэтгэхүйд байдаг эсвэл санхүүгийн баланс дээр бичсэн тоо болж хувирсан байна. Өөрөөр хэлбэл биет бус мөнгө гэсэн үг. Биет бус хоосон мөнгөний аюул бол өөрийгөө асар олноор үржүүлэх чадвартайгаас гадна хүний сэтгэхүйд хий хоосноос мөнгө гаргах асар их шуналыг төрүүлдэг.  Зарим судалгаа, АНУ-ын ерөнхий санхүүч хийж байсан Дэвид Волкер зэрэг хүмүүсийн ярьж буйгаар "16 их наядын өр одоо байгаа балансд бичигдсэн тоо бөгөөд үүнд нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгалын төлбөр зэрэг бүр үүнээс илүү их наядаар тооцогдох хүлээгдэж буй өр багтаагүй 54 их наядын өрийн дарамт байна. Энэ бол өрийн солирол гэж мэдэгджээ". Тэгвэл дараагийн асуулт "Яагаад энэ их хэмжээлшгүй өрөнд орчихов" гэсэн асуулт байх нь гарцаагүй.
Өрийн үүсэл
Их өрийн үүсэл шалтгааныг олохын тулд бидэнд АНУ-ын Засгийн газрын өрийн хэмжээг  он цагтай харьцуулсан график хэрэгтэй (Графикийг гүүглэдэх). Графикаас харахад өр 1970-аад оны дунд үеэс АНУ-ын ерөнхийлөгч асан Никсоны захиргааны үес өсч эхлээд ерөнхийлөгч Реаганы үед хүчээ авч огцом хурдаар дээшилсээр өнөөгий түвшинд хүрчээ. Тэгвэл 1970 онд юу болсон бэ? Шалтгаан нь 30-аад жилийн өмнөх үйл явдлаас эхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа холбоотон улс орнуудын хооронд дайнаар нурж унасан олон улсын худалдааг сэргээж үүнтэй холбоотойгоор санхүүгийн чадавхийг сайжруулж төлбөр тооцоог хөнгөвчлөх үүднээс АНУ-ын Бреттон Вүүдсийн Нью Хамфширт хэлэлцээ явуулж олон улсын төлбөрийн хэрэгсэлд АНУ-ын долларыг хэрэглэн, өмнө нийтээр хүлээн зөвшөөрөгдөөд байсан алтаар баталгаажсан валютын тогтолцооны дагуу 35 ам.доллар 1 унц алттай тэнцүү байхаар тогтож бусад улс орнууд өөрийн валютаа энэ ханштай уялдуулан тогтоохоор болжээ. Мэдээж долларыг сонгосон шалтгаан нь АНУ-ын тэр үед бүх талаараа хамгийн хүчирхэг улс байсан бөгөөд асар их нөөц дээрээ тулгуурлан үйлдвэрлэл явуулж  гадаад улс руу экспортлон худалдаа хийж ашиг олох, дайнаар сүйтгэгдсэн орнуудыг сэргээн босгох "Маршалл төлөвлөгөө" зэрэгт долларыг голлох валют болгох ашиг сонирхол байсан аж. Нөгөө талаасаа АНУ-аас импорт хийж хэрэгцээгээ хангахын тулд бусад улсуудад их хэмжээний доллар хэрэгтэй болсноос гадна АНУ-аас авсан зээл,  тусламжийг эргүүлэн төлөхөд мөн энэ валют хэрэгтэй болж эхэлснээр доллар олон улсын худалдаанд голлох валют болж цаашлаад алттай сольж хэрэглэж болохуйц асар их хэрэгцээтэй чөлөөтэй хөрвөх нөөц валют болж хувирав. Энэ байдал үргэжилсээр 1960-аад оны дунд үе гэхэд АНУ-ын энэ их хэмжээний худалдаа, дэлхийн худалдааны ганц валют буюу Долларынхаа ачаар хүн ам нь баян чинээлэг болж үйлдвэрлэхээс илүү хэрэглээ ихтэй, үйлдвэрлэлээс хэрэглээнд тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй болж иржээ. Гэтэл үүнтэй зэрэгцэн дэлхийн нөгөө хэсэгт АНУ-ын үйлдвэрлэгч нартай өрсөлдөхүйц Японны экспорттой, 1961 онд байгуулагдсан "Газрын тос экспортлогч орнуудын байгууллага"-ын бүтээгдэхүүний үнэ зэрэгцэн нэмэгдэж "алт суурьтай" долларт асар их хэмжээний дарамт учруулж эхэлсэн байна. Учир нь дээр дурдсан бусад улс орнуудад доллар их хэмжээгээр цугларч тэр хэмжээгээр АНУ-ын нөөцийн санд байгаа хамаг алтыг шавхан валют хомсдуулан инфляцыг гааруулах гээд байж. Энэ нь мэдээж иргэдээсээ мандат авдаг Конгрессийн Сенатууд, Ерөнхийлөгч болон мөнгө асар их хэрэгтэй Волл Стрийтийн банкныханд огтхон ч таалагдахгүй байсан нь тодорхой. Ингээд 1971 оны 8 дугаар сарын 15-нд АНУ-ын ерөнхийлөгч асан Никсон хүчирхэг орны зангаргыг харуулж бусад орнуудтай зөвшилцөлгүйгээр алт-долларын харьцааг  ганцаар цуцлан "Вреттон Вүүдсийн мөнгөний тогтолцоо"-г мөхөөжээ. Энэ нь Милтон Фрийдман, цаашлаад  АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүн Алан Грийнсфан зэрэг монетарист нөхдүүдийн онолддог "хий хоосноос мөнгө бүтээх" буюу өр суурьтай цаасан мөнгөний тогтолцоо, хязгааргүй хэрэглээг өдөөж эдийн засгийн өсөлтийг гаргаж авах хямралын тогтолцооны эхлэлийг тавьсан байна. Хэдийгээр Америк доллар алтаар баталгаажихаа больсон ч АНУ-ын хүчирхэг эдийн засаг, түүний нөлөө, нэгэнт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн доллар суурьтай валютын тогтолцоо зэргээс улбаалж Доллар өөрийнхөө дэлхийн нөөц ба хэрэглээний валют гэх байр сууриа алдаагүй юм. Үр дүнд нь АНУ-ын сангийн газар нэгэнт хэрэглээнд тулгуурладаг болчихсон эдийн засгийн засгийнхаа өсөлтийг хангахын тулд хэрэглээг улам нэмэгдүүлж зохиомол эрэлт бий болгон үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, засгийн газрын янз бүрийн зардлыг огцом өсгөж төсөв болон мөнгөний бодлогыг тэлэх арга замыг хайж олсон өнөөх монетаристуудын онолддог мөнгө үйлдвэрлэж зээл үүсгэх явдал болжээ. Манай Монгол Улс ч гэсэн 1990 оноос хойш АНУ-ын үүсгэсэн Валютын сан, дэлхийн банкны нөлөө зөвлөгөөгөөр энэ зарчмыг уламжилж авсан билээ. Үүний нотолгоо нь бидний халаасанд байгаа Чингис хааны эсвэл Сүхбаатар жанжны зурагтай дэвсгэрт дээр хуучин дэвсгэрт дээр байсан шиг "Монгол Улсын үндэсний валют нь ...банкны үнэт металл, бусад активаар батлагдана..." гэсэн үг байхгүй байгаагаар харагдана. Өөрөөр хэлбэл өнөөгийн бидний хэрэглэж буй доллар, төгрөг гээд валютууд бүгд хүний итгэл дээр болон өрөнд дээр суурилсан юм. За эргээд гол асуудалдаа орьё. Нэгэнт л АНУ-ын засгийн газар долларын ард заавал алт байх ёстой, долларт нь зөвхөн америкчууд ч биш дэлхий нийтээрээ итгэж худалдаа наймаандаа голлох валют болгож хэрэглэдэг, дээрээс нь эдийн засгаа цаасан мөнгө үйлдвэрлэж (гэхдээ одоо байгалийн нөөц хомсдож байгаа тул цаас ч хэрэглээ болиод зүгээр тэдэн ширхэг доллар гаргав гээж компьютер дээр шивчдэг болсон) хий хоосноос өртөг гарган авч (зээл тавих) дэмжих бололцоотой болсон учраас үндэсний өрөө дээр дурдсан шиг тэнгэрт халиулжээ. Өрөө мэдсээр байж нэмээд байгаагийн шалтгаан тэгвэл юу байх вэ? Хариулт нь энгийн. Хэрэглээнд тулгуурласан зээлийн эдийн засаг. Өрийг бий болгохын тулд АНУ-ын засгийн газар (сангийн яам) өрийн бичиг буюу Засгийн газрын бонд гаргадаг. Энүүгээрээ АНУ-ын их хэрэглээ, хувийн болон төрийн ялгаагүй, нэгэнт өмнө үүсчихсэн өрийн төлбөр, эсвэл төсвийн алдагдалаа нөхнө. Өөр сонголт үнэндээ тэдэнд байсангүй. Учир нь өр тавихгүй бол нэгэнт томорчихсон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах эрэлт байхгүй болж энэ нь нийлүүлэлтийн талыг уналтанд оруулсанаар ажилгүйдэл, инфляци үүснэ. Мөн АНУ-ыг хүчтэй байлгадаг цэрэг дайн, засгийн газрын байгууллагуудын зардлыг танаж дэлхийн дээрх супер хүчтэн гэдэг байр суурийг нь ганхуулахад хүргэнэ. Мэдээж эдийн засгийн таагүй байдлаас үүдэлтэй үйл явдлуудад дургүйцсэн хэрэглэгч иргэд болоод зээлийг нь өгдөг "холбооны нөөцийн сан", энэ санг бүрдүүлдэг Волл Стрийтийн тэрбумтан банкнуудаас эх баригч, улс төрчдөд дургүйлхэх, эсвэл сонгуулийн кампанит ажил намыг нь санхүүгийн хувьд дэмжихээ зогсоосноор кареерт нь эцсийн цэг тавьчих эрсдэлийг дагуулсан. Иймээс хэн ч аль ч улс төрийн нам, эрх баригчаас "эх орны төлөө өөрийгөө золиослох" зүрх зориг гаргасангүй өнөөх өрийг томруулсаар өрийн далайд живж эхэлжээ. Энэ их өрийн үр дагавар юу байх вэ гэсэн дараагийн асуудал мэдээж толгойд орох бизээ. 
Их Өрийн үр дагавар
Энгийн банкны харилцаанд бол ардаа ямар нэг итгэх барьцаагүй зээлийг хамгийн өндөр эрсдэлтэйд тооцож зээл өгдөггүйг жирийн хүн ойлгоно. Гэтэл энэ байдал улс оронд ямар байх вэ? Мэдээж АНУ дэлхийн хамгийн хүчирхэг улс, зах зээлийн эдийн засагт ноёлж олон тооны дэлхийн томоохон корпорацуудын эх орон. Гэхдээ хамгийн багаар бодоход 16 их наяд долларын өр бол энэ том эдийн засгийг хангалттай нураачих эрсдэл мөн юм. Энэ эрсдэл хоёр төрлийн аюулыг араасаа дагуулдаг. Нэгдэх аюул инфляц. Учир нь их хэмжээний мөнгө гаргаж үүнийгээ хүүтэй зээлээр нөхөх нь өмнө гүйлгээнд орсон мөнгөний үнэ цэнийг багасгадаг хуультай. Өөрөөр хэлбэл гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ ихсэх тусам мөнгөний худалдан авах чадвар буурч тэр хэмжээгээр үнийн түвшин нэмэгдэх буюу инфляци өснө гэсэн үг. Бодит үйлдвэрлэлийг бий болгодог эдийн засгийн нөөц баялаг хязгаартай учраас эрэлт нийлүүлэлтийн зөрөө бий болж үнэ өсөх нь дамжиггүй. Гэхдээ энэ их өр байхад яагаад АНУ-ын инфляци өсч доллар үнэ цэнээ алдаагүй огцом алдаагүйн шалтгаан нь өмнө дурдсан долларын чадавхитай холбоотой юм. Дэлхийн эдийн засаг бол асар том. Энэ зах зээл дээр доллар төлбөрийн хэрэгсэл болж байхад АНУ хичнээн хэмжээний доллар үйлдвэрлэсэн ч инфляцыг огцом өсгөхгүйгээр дэлхий улс орнууд шингээгээд байж чадна. Үүнийн жишээг Хятадын бодлого шууд харуулдаг.тӨөрийнх нь хямд барааг импортлогч АНУ-ын хэрэглээний түвшинг хэвийн хадгалж дотоодын үйлдвэрлэлээ өсгөн эдийг засгаа хүчирхэг байлгахын тулд Хятадууд АНУ-ын Засгийн газрын өрийн бичгийг ашиг багатай байсан ч худалдан авсаар, мөн долларыг гадаад валютын нөөц болгон хадгалсаар ирсэн. Өөр нэг жишээ бол АНУ өөрийн валютад итгэх бусад орнуудын итгэл болоод худалдааны төлбөрийн гол хэрэгсэл хэмээх харьцуулашгүй үнэ цэнэтэй статуст дулдуйдан валютын нөөц хэрэцээтэй хөгжиж буй гадаадын орнуудаас газрын тос гэх мэт их хэмжээний байгалийн баялаг, хэрэглээний материалыг доллараар худалдаж авсаар ирсэн. Энэ их цугларсан мөнгийг үржүүлэхийн тулд тэдгээр орнууд хөрөнгө оруулалтын сан үүсгэн гадаадад байршуулж ашиг олж байна. Тэдгээр сангуудын хэд нь доллар суурьтай санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийснийг хэлж таашгүй юм. Цаашилбал хий хоосноос мөнгө гаргаж авахын дараах аюул нь иргэдэд өрийн дарамт үүсгэдэг явдал. Судалгаанаас харахад өнөөгийн АНУ-ын засгийн газрын иргэдээсээ хурааж буй татварын ихэнх хувь нь өрийн төлбөр, хүүнд зарцуулагддаг. Хүүгийн түвшинг холбооны нөөцийн сангаас мөнгөний бодлогын хэрэгсэлээрээ дамжуулан удирддаг учир зах зээл дээр хөөсрөлт, тэсрэлтийн цикл бий болж тогтмол орлоготой жирийн иргэдийн амьдралд гамшиг авчирсаар иржээ. Тэгвэл дараагийн асуулт энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ?
Өрийн төгсгөл 
АНУ-ын Засгийн газраас валютын алтан харьцааг цуцалж зээл авч хэрэглээгээ санхүүжүүлж эдийн засгаа өсгөдөг болсноос хойш хэд хэдэн удаа Засгийн газрын зээл авах дээд хязгаарыг нэмэгдүүлсэн нь өнөөгийн тогтворгүй түвшинд аваачжээ. Тэгвэл энэ хязгаарыг цааш өсгөөд дахин зээл аваад байх боломж бий юу? Хэрвээ та банкин дээр очоод урьдын зээлээ төлж дуусаагүй ч ахин зээл авах бол танд олгож буй зээлийн эрсдэл нэмэгдэнэ. Цаашдаа банк танд итгэхээ больж зээл олголтоо зогсооно. Банк өндөр эрсдэлтэй зээлд өндөр хүү тооцдог. Үүнтэй яг адилаар АНУ-ын зээлийг санхүүжүүлж буй бусад орнууд тухайлбал Хятад зэрэг улсуудаас АНУ-ын өрийн бичгийг өр нь нэмэгдэх тусам өндөр эрсдэлтэй зээлд тооцож эхлэх учир бага хүүтэй энэ хөрөнгө оруулалтад  хөрөнгө оруулахаа зогсоох нь зайлшгүй. Гэхдээ үүнийг Хятадууд тун бодлоготой хийж эхлэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл эдийн засаг нь АНУ-ын хэрэглээнээс хараат бус дотоодын эрэлт болон бусад орнуудын эрэлтэд тулгуурласан байдлаар хөгжих чадвартай болсон үед эхлүүлэх бизээ. 2012 оны эхний хагаст Хятадууд дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлахаа ч Давосын эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдээд авсан нь энэ үйл явц эхэлсний дохио юм. Дэлхийн эдийн засагт чухал нөлөөтэй болж байгаа ОХУ, Хятад, Бразил гэх мэт БРИКС-ийн орнууд ийм шийдэлд хүрвэл бусад орнууд яаж хандах нь ойлгомжтой бөгөөд энэ хэрээр долларт итгэх итгэл суларна. Хэрвээ АНУ-ын өрийн худалдан авч санхүүжүүлэх гадаад улс байхгүй бол АНУ-д эдийн засагт туйлын хор хөнөөлтэй хоёр сонголт л үлдэнэ гэж судлаачид үзэж байна. Одоогийн Засгийн газрынхны ярьж байгаа шиг татвар нэмэгдүүлэх, төсвийг танаж зардлыг бууруулах зэрэг нь өмнө өгүүлж байсан улс төрийн ашиг сонирхолд харшлах бөгөөд хэрэгжүүлсэн ч нэгэнт өрөнд живсэн АНУ-ыг аврахад хүрэлцэхүйц хэмжээний арга хэмжээ болохгүй бололтой. Иймд хоёр сонголтын аль нэгийг л АНУ ирээдүйд хийх болсон байна. 
Сонголт 1: Төлбөрийн чадваргүй болж, зээлдүүлэгч нартай тохиролцох. АНУ-ын зээлээ төлөх төлбөрийн чадваргүй болвол зээлийн баталгаа болсон АНУ-ын долларт итгэх итгэх олон улсад байхгүй болж доллар олон улсын төлбөрийн хэрэгсэл, нөөцийн валют гэсэн статусаа алдана гэсэн үг. Энэ нь АНУ-ын дотоодын эдийн засгийг сүйрүүлж газрын тосны үнийг хөөрөгдсөнөөр үүнтэй холбоотой бүх хэрэглээний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх боломжтой. Засгийн газраас нь төсвөө танаж (цэргийн ажиллагаа, гадаад тусламж), нийгмийн халамжийг зогсоосноор үйлдвэрлэл буурч ажилгүйдэл нэмэгдэнэ. Эдгээр зүйлийн үр дагаварт зэвсэгт мөргөлдөөн, бослого, цэргийн болон бизнесийн эрхтнүүдийн нөлөөгөөр дотоодын асуудлаас анхаардыг холдуулах зорилготой цэргийн ажиллагаа, цаашлаад гүйцэтгэх ажиллагааны шугамаар хийгдэж болзошгүй дайн ч үүсч болзошгүй. Дайн дэлхий дахинд цоо шинэ хувьсгал, огцом өөрчлөлт авчардгийг түүх харуулсан. Санхүүгийн асуудал ч үүнд хамааралтай.
Сонголт 2: Бэлэн мөнгө-доллар хэвлэх. Энэ тохиолдолд АНУ-д Зимбабийн гипер инфляци давтагдана. Үр дүн нь эхний сонголттой харьцуулахад адилхан ч хугацааны хувьд удаан үргэлжилж бүр илүү хор хөнөөл авчирна. Одоогийн АНУ-ын энэ их өрийн хэмжээнээс харахад дээрх 2 сонголтоос өөрөөр гарах боломж одоохондоо харагдахгүй байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд санхүү, эдийн засгийн асар том хямрал асуй хэмээн "Кредитизм" болон Монетарист онолыг шүүмжлэгчид өгүүлж байгаа билээ.

Хэрвээ АНУ-ын эдийн засаг нурж унавал, Дэлхийн улс төрийн харилцаа бүтцэд нилээд том өөрчлөлт орох нь гарцаагүй. Голдман сакс-ын эдийн засагчийн тодорхойлсон БРИКС-ийн орнуудын нөлөө ихэсч байгаа (Монгол Улсын хоёр хөрш энэ бүлэгт багтдаг)-тай зэрэгцэн, АНУ-ын барууны орнуудын бууралт нь олон улсын харилцаан дахь хүчний хуваарилалт өөрчлөлт оруулж тогтворгүй байдал үүсгэж болзошгүй. Энэ бүхнийг урьдаас тооцоолон дэлхийг хамарсан олон улсын байгууллагуудын нөлөөг ихэсгэх, яриа хэлэлцээрийн чанар, давтамжийг нэмэгдүүлж, бодлогын чанартай хариу арга хэмжээ авах шаардлага бүх улс орны өмнө тулгараад байна. Тухайлбал Грек, Испани зэрэг Европын холбооны улсуудын өрийн хямрал нь үндэсний эрх ашиг ба олон улсын байгууллагын тогтвортой байдлын талаарх эрх ашгийн харьцуулалтын заагт тулаад байгааг бэлхэн харж болно. Монгол Улсын хувьд одоохондоо гадаад худалдаа ихэнхдээ ам.доллараар хийгдэж төгрөгийн ханш долларын ханштай уялдаатай буюу доллараар баталгаажиж байна. Бид энэ бүхнийг 2008 оны долларын хомсдолоос бэлхэн харсан. Иймд бодлого боловсруулагчдын хувьд улсын гадаад валютын нөөцийг хэрхэн бүрдүүлж удирдах эрсдэлийг хэрхэн тооцолох тал дээр арай өөр өнцгөөс харах шаардлага тавигдаж байгаа нь дамжиггүй. Доллараар нөөцөө бүрдүүлсэн дэлхийн улс орнууд болон Сорос тэргүүтэй тэр бумтнууд хэдийнээ гадаад валютын нөөц болон сангийн бүтцээ өөрчилж алт руу шилжих хандлана ажиглагдаж эхэлсэн байна. Хувь хүний хувьд хямралаас хэрхэн сэргийлж, түүнээс ашиг олох тухайд санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд болон судлаачид хэд хэдэн бүтээл хэвлүүлэгдсэн бөгөөд одоо ч ар араасаа гарсаар байна. Эдгээрийн тоонд АНУ-ын Дамон Викерс хөрөнгө оруулалтын фирмийн удирдах хөрөнгө оруулагч Дамон Викерийн "Долларын сүйрлийн дараах өдөр: Аврагдах арга зам болон дэлхийн шинэ дэг журам", Азийн хөрөнгө оруулалтын фирмүүдэд олон жил ажилласан туршлагатай эдийн засагч Ричард Данканы "Долларын хямрал: шалтгаан, үр дагавар, гарц", Фетр Шиффийн "Бодит уналт: Хэрхэн өөрийгөө болоод улсаа аврах вэ?", Жеймс Туркийн "Долларын уналт ба үүнээс ашиг олох нь" зэрэг  санхүүгийн анализ хийсэн олон тооны бүтээлүүд багтжээ. Доллар ба АНУ-ын өрийн талаарх холбогдолтой мэдээллийг цахим хуудасны хайлтуудаас хангаллттай олох боломжтойг жич дурдах хэрэгтэй.


(Бичигч нь олон улсын харилцаа, эдийн засаг сонирхон судалдагийн хувьд бусадтай санал бодлоо хуваалцах мэдлэг түгээх зорилгоор энэ нийтлэлийг бичсэн бөгөөд хямралтай холбоотой бусад асуулт, дээр дурдсан номуудад бичсэн санал зөвлөмж, мэдээллийн талаар харилцахдаа таатай байх болно.

Бичсэн мэдээллийг цааш дамжуулах бол энэ хэлэлцүүлэх энэхүү хуудасны нэрийг дурдана уу)
2012.08.20


Б.Эрдэнэхуяг

Friday, July 27, 2012

Монголын ипотекийн корпораци (МИК) нь Институционал хөрөнгө оруулагч уу? эсвэл Мөнгө үржүүлэгч үү?

Засгийн газрын бодлогын хэрэгжилтийн өдрийн тэмдэглэл

Эдийн засгийн нэр томьёоны Англи- Монгол толь

Оюуны өмчийн түгээлт №4 Ёроолын тэрбум буюу The Bottom Billion

2008 оны Дэлхийн санхүүгийн хямралын шалтгаан юу байсан бэ? Гарц байна уу?

Оюуны өмчийн түгээлт №3 Эдийн засгийн хүчин зүйлүүдийн Атлас буюу Зах зээлийн хүч болон Холбооны нөөцийн сангийн дүрст тайлбар

Оюуны өмчийн түгээлт №2 Тэгш бус байдлын төлөөс Price of inequality

Оюуны өмчийн түгээлт №1: Жозеф Е.Стиглитц "Глобалчлалыг ажиллуулахуй" - Байгалийн хараалаас ангижрах нь буюу Joseph E.Stiglitz "Making Globalization work"- Lifting Resource curse

Монгол Өвчин (the first draft- just few words from mind)

Бид улс дотроо уул уурхай, авилга, эдийн засгийн өсөлт гээд ид бужигнасаар. Хэн хүнгүй толгой түрийгүй эдгээр үгс амны уншлага шиг болж. Энэ ярианууд дотор Хятадын өсөлт, хөрвөх валютын дэлхийн хэмжээний өөрчлөлт, технологийн шинэчлэл гэх үгс төдийлөн харагдахгүй байх юм. Бид нэг юманд туйлшрахаараа бусад зүйлээ умартдаг. Энэ нь түүхийн зарим үед сайн л чанар байсан шиг санагдана. Тусгаар тогтнолоо сэргээж ардчилалыг авчирсан гээд л. Гэтэл одоо бишээ ялангуяа эдийн засгийн салбарт энэ хандлага ажиллахгүй. Өнгөрөгч зууны дундуур Голланд улс газрын тос олж түүндээ улайраад эдийн засгаа сүүлд "Голланд өвчин" гэж цоллуулах болсон үзэгдэлд автуулсан. Үүнтэй адилаар бид "Монгол өвчин" гэсэн нэршилийг хэдэн жилийн дараа ном сэтгүүл эрдэмтдийн үгийн санд шинээр оруулах нөхцөл бүрдээд байгаа мэт. Уул уурхайн донтолт, улс төрийн намын хуучны бүтцийн залгамж болсон олгигаржиж лоббид бариулсан хэдхэн намын амлалт нь инфляцыг тэнгэр багадуулж, архины үйлдвэр, эрээний луухаан нарын худалдааг дэмжээд л яваад байна. Тэгээд энэ асуудал дээрээ маргаад л хамаг цагаа дуусч байгаа мэт. Энэ бол буруу зүйл. Тогтвортой эрүүл үзэгдэл яавч биш. Хамгийн онцлох хэсэг нь эдгээр нь өөрөө Монгол гэж нэрлэж болох өвчнийг үүсгэх нян вирус нь болоод байгаа мэт. Дэлхийн улс төр, эдийн засгийн амьдрал жилээр биш, сараар биш өдөр хоног, цаг минутаар өөрчлөгдөж байна. Манай урд хөршийн эдийн засаг өсөөд (бид бензинийг нь бага боловч шахаж байгаа) тэр нь улс төрийн нөлөө болон хувирсаар. Бидний шүтээд дуурайгаад байдаг АНУ, Европын холбоо өрөндөө баригдаад бусад орнуудыг бүү хэл өөрсдийгөө яах вэ гэж шилээ маажиж эхэллээ. Энэ бүхнийг анзаарсан Хятад Орос зэрэг БРИКС-ийн бусад баяжсан орнууд дэлхийн мөнгөний зах зээлийг өөрчлөх, барууны ноёрхож байсан тогтолцоог өөрчилөх оролдлогуудыг хийж эхлэв. Үр дүн нь юу болох вэ? Доллар нурна, Азид Хятад ноёлно. Цаашлаад Монголын гадаад бодлого, худалдаанд өөрчлөлт хийх шаардлага тулгарна. Хувь хүн алдаж болно Улс гүрэн алдах эрхгүй ялангуяа Монголын хувьд. Энэ өөрчлөлтүүдийг хүлээн авч урьдчилан тооцох, хариу арга хэмжээний төлөвлөгөө, механизм бидэнд шаардлагатай. Дотоодын асуудлаа гадаад нөхцөлтэй цогцоор авч үзэх бүх эрсдэл тооцоог үнэлэхийг өнөөгийн байдал Монголоос шаардаж байна. Ер нь дотоод бодлого, гадаад бодлого гэсэн нэр томьёо ажлыг хувааж тус тусад нь явуулах арга барил глобалчлалын нөлөөгөөр үеэ өнгөрөөж байгааг эрдэмтэд онцлох болсон. Үүний оронд институнионал хэлбэрээр буюу салбар салбараар бодлогоо ялгалгүйгээр цогцоор авч үзэх хандлага нэвтэрч байна. Жишээ нь: Техник технологи эрчимтэй хөгжиж, байгал орчны хамгаалал хүчтэй яригдаж  буй өнөө үед гадаадад, тухайлбал ДНБ-ын жинтэй хувийг судалгаа шинжилгээнд зарцуулж байгаа Хятадад эрчим хүчний хэрэглээнд нүүрс орлох хямд зүйл нээгдэхийг үгүйсгэхгүй. Ийм зүйлийг бид урьдчилан мэдэх хэрэгтэй, мэдээлэл олох шаардлагатай, хариу үйлдэл үзүүлэх үүрэгтэй. Монгол Улс хэт удаан бодож, хэт удаан хөдөлсөөр. Удаан байдлыг өөрөөр "Монгол Өвчин" гэдэг.

Олон улсын харилцааг тайлбарлах онолын урсгалууд

Many theoretical approaches have tried to explain what international relation or globalization is, and how the actors that involve in this phenomenon should or do act in world politics in which interests from various fields face each other. Fortunately, thanks to scholars who devoted much effort to study this subject more in depth we had been provided with explanation of each of these theories. It has been agreed that now, in contemporary world politics, few are emerged as dominant among those. Realism, liberalism, social constructivism, and Marxist or system theory are recognized and acknowledged among scholars. In this writing, I will explain each of these theory shortly, and then take you to main arguments that they applied and their basic differences in explaining globalization with short elaborated examples.

Chinese soft power and its importance on Mongolia





Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш, Хятад, Монголын харилцаа шинэ нөхцөл байдалд бүхий л салбарт хурдацтай хөгжив. Хоёр орны харилцааны шинэ үеийн хөгжлийн билэг тэмдэг хоёр орны худалдаа, Хятадын Монгол дахь хөрөнгө оруулалтаар жишээлж үзэхэд өнгөрсөн зууны сүүлчээс эхлэн Монголын гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын дотор Хятад улс тэргүүн байрыг эзлэх болсон билээ. Гэвч, Хятад, Монголын харилцаа өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжихдөө хоёр орны ард түмэн сэтгэхүйгээрээ бараг л ойртоогүй, үл ойлголцсон байдал шийдвэрлэгдээгүй, урт удаан хугацаанд оршин байгаа сэтгэлийн зангирал бүрэн дүүрэн арилаагүй. Эдгээрээс улбаалан тасралтгүйгээр бэхжиж буй бодит түншлэлийн харилцаанд оюуны санааны хүрээний дэмжлэг дутагдаж, бүр “Хятадын аюул”-ын онол Монголд оршиж байж, хоёр орны харилцааны өнөөгийн нөхцөлд уялдаагүй дуу хоолой болон гарсаар байна. Яагаад ийм нөхцөл байдал үүсэх болов? Энэхүү өгүүлэлд энэ талаар задлан шинжилж, гаргалгаа хийн, улмаар үүний эсрэг ямар арга хэмжээ авбал зохилтой талаар саналаа танилцуулах болно.

Нэг. Бодит түншлэлийн харилцаа болон оюун санааны хүрээнд дутуу дулимаг зүйл байгаагийн шалтгаан

Материаллаг зүйлд тулгуурласан түншлэлийн харилцаа болон оюун санааны хүрээний хооронд ялгаа байх олон шалтгаан бийг энд дурдах зайлшгүй шаардлагатай. Энэ нь түүхэн шалтгаан болон мөн бодит хүчин зүйлсээс улбаатай, түүхэн болон бодит хүчин зүйлийн нөлөөгөөр үүсч бий болсон гэж үзэж болно. Түүхэнд Монголын эзэнт гүрэн бол үгээр хэлэхийн аргагүй хөгжил цэцэглэлт, нэр хүндтэй байсан бол өнөөгийн Монгол улс Хятад, Орос хоёр их хөршийн хооронд хавчуулагдсан, өчүүхэн жижиг улс болон хувирсан билээ. Энэ нь Монгол хүний сэтгэхүйд хүлээж авахад бэрх хоцрогдол, ялагдлыг мэдрүүлсэн. Өнгөрсөн зууны 90-ээд оны эхэнд Монгол Улсад нийгэм өөрчлөгдсөний дараагаар энэхүү хоцрогдол, ялагдсан гэх сэтгэхүй улам бүр нэмэгдэж, үндэсний үзэл сэдрэн гарч, адилхан байсан, хоцрогдсон, ядуу буурай Хятад улс эдийн засгийн хувьд хурдацтай хөгжсөн болон олон улсын үйл хэрэгт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдсэн нь монголчуудад “тэд түүхэнд хятадын эзэрхийлэлд автаж байсан гэж үзэх хар сүүдрийг дагуулах”-аас гадна Америк, Япон зэрэг барууны улсуудаас түүнийг нь хатган “Хятадын аюулын онол”-ыг гаргаж ирсэн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр Монголын экстремист хүчнүүд “жад”-ныхаа үзүүрийг Хятад улс руу чиглүүлэх болсон. Олон улсын харилцаанд өнгөрсөн, эсхүл одоогоос үл хамааран жижиг улсын сэтгэхүй сул доройдоо тулгуурласан, ялангуяа Монгол шиг Хятадтай түүхэн гүнзгий холбоотой улсын хувьд зарим хүмүүс сэтгэл дотроо Хятадаас сэрэмжлэх, болгоомжлох сэтгэхүй нь маш хүчтэй байдаг. Улс төрийн хувьд “Хятад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй” болон “Хятад Монголыг эргүүлэн авна” гэсэн ойлголтууд хамгийн их тархсан байдаг. Хонконг, Макаог эргүүлэн авсны дараагаар зарим хүмүүс “Хятад Хонконг, Макаогийн асуудлыг шийдсэний дараа Тайваний асуудал гарч ирнэ, Тайваний асуудлыг шийдвэрлэсний дараа Монголын асуудлыг шийдвэрлэх ээлж ирнэ” гэж ярьж байв. Бүр зарим нэг нь “Хятадын төрийн далбаан дээр байдаг 5 одны учрыг тайлбарлан ярихдаа “хамгийн том од нь Хятад, бусад дөрөв нь Хонконг, Макао, Тайвань, Монгол. Хонконг, Макаог эргүүлэн авлаа, Дараагийнх нь Монгол, Тайвань юм” гэж ярьж байв. Тэр бүү хэл эдийн засгийн салбарт ч Хятадын талаар таарамжгүй яриа байдаг. Өнгөрсөн зууны 90-ээд оноос Монголын нийгэм шилжиж ахуй бэрхшээлтэй үед Хятад улс тусламжийн гараа сунгасаар ирсэн. Улмаар Монголын гадаад хөрөнгө оруулалт болон худалдаанд тэргүүлэх байр суурь эзлэх болсон. Гэвч Монголчууд Хятад Монголын баялгийг булаан авах гэж байна, Монголыг мөлжиж байна, Монголыг Хятадын түүхий эдийн бааз улс болгох гэж байна гэх яриа гарахын зэрэгцээ нийслэл Улаанбаатарт Хятадын Монгол дахь аж ахуйн нэгжүүдийн эсрэг зодох, бусниулах, булаах, шатаах хөдөлгөөн гарсан.

Дээрх яриа болон хөдөлгөөн зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийнх гэвэл бодитой бус юм. Өнгөрсөн зууны 90-ээд оны үеэс явагдсан санал асуулгын дүнгээс үүнийг харж болно. Өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үед Монголын судалгааны байгууллагууд гадаад улсын талаар хэрхэн мэдэх вэ гэсэн асуулга явуулахад Хятад 5 оноотойгоор АНУ, Япон, Орос, Өмнөд Солонгосын ард орж байсан. 2006 онд Монголын иргэдийн дунд явуулсан судалгаагаар Монгол хүнд хамгийн сэтгэгдэл үлдээсэн улсаар Орос 7.5, Америк 7.3, Өмнөд Солонгос 7.1, Япон 7, Герман 6.5 болон Хятад дөнгөж 5.5 оноогоор удаалсан байдаг. 2008 онд Монголын харьцангуй нэрд гарсан интернэт сайт Монгол Улс санхүүгийн хямралын эсрэг бодлогыг хэрэгжүүлэхэд ямар улсаас зээл авах талаар санал асуулга явуулахад олон улсын валютын сангаас зээл авах гэж 42 хувь, Японоос гэж 23 хувь, 13 хувь нь Катараас, 7 хувь нь Оросоос гэсэн бол дөнгөж 4 хувь Хятадаас гэжээ.

Дээрхээс Монгол хүний сэтгэхүйд Хятад улс ямархан дүр төрхтэй болохыг хялбархан харж болно. Ийм дүр төрх нь Хятадын Их гүрний байр суурь болон Монголтой 4700 км-ээр хиллэдэг хилийн шугамтай хөрш улсын хувьд байж болохгүй дүр байдал юм. Монгол болон бусад хөрш улсууд Хятадыг бүх талаар, бодитой ойлголцож, харилцааг явуулах нь Хятадын хилийн аюулгүй, тогтвортой байдалтай холбоотой талаас нь асуудлыг авч үзэх хэрэгтэй юм.

Хоёр. Гадаад харилцаанд соёлын зөөлөн хүчин чадлын гүйцэтгэх үүрэг

Хятад улсад соёлын зөөлөн хүчин чадлын гадаад харилцаанд эзлэх байр суурийн асуудал улам бүр анхаарал татах болов. Ху Зиньтао дарга 2006 онд нэгэн удаагийн илтгэлдээ “Хэн соёлын хөгжлийн өндөр цэгт хүрнэ, тэр олон улсын өрсөлдөөн дунд голлох эрх мэдлийг олж авна” гэж тэмдэглэсэн байдаг. 2007 онд, ХКН-ын 17 дахь удаагийн их хурлын илтгэлдээ Ху Зиньтао ерөнхий нарийн бичгийн дарга “ Соёлын зөөлөн хүчин чадал” энэхүү ойлголтын талаар онцлон тэмдэглэж, “Өнөө үед соёл үндэстний нягтрал, бүтээн байгуулах чадварын эх булаг болж, улсын нэгдмэл хүчин чадлын гол хүчин зүйл болох боллоо” гэж хэлсэн байдаг. Энэ нь “Соёлын зөөлөн хүчин чадлыг нэмэгдүүлэх” нь улсын стратегийн асуудал болохыг илэрхийлж байна. Үүний дараа Ерөнхий сайд Вэнь Зябао болон БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин нар илтгэл яриандаа соёл улс хоорондын болон олон улсын харилцаанд ямар чухал үүрэгтэйг өгүүлсэн байдаг. 2009 онд Си Зиньпин дарга Германы Франкфуртын номын үзэсгэлэнд голлох зочин улсын хувиар оролцохдоо “Соёлын нөлөөлөл орон зайд хязгаарлагдахгүй, улсын хил хязгаараас давсан. Соёл харилцаанаас харилцаанд өргөжиж, улам бүр гайхамшигт болж байна. Улсуудын харилцаа иргэдийн дотно байдалд тулгуурлах бөгөөд иргэд харилцан ойртоход соёлын харилцааны үүргийг анхаарахгүй байх аргагүй. “Соёл ус адил бүхнийг ундаална” соёлоор дамжуулан хүний сэтгэл рүү орж чадна, соёлоор дамжуулан нийгмийг эв нийцтэй байлгаж чадна. Бодит хэрэг дээр дэлхийн олон туйл, эдийн засгийн глобалчлал гүнзгийрэн хөгжсөн өнөөдөр олон төрлийн үзэл бодол соёлын харилцаа улам бүр өөрчлөгдөн хөгжиж, амьдлаг болж байна. Бодит байдалд, дэлхий олон туйлтай болж, эдийн засгийн глобалчлал гүнзгийрэн хөгжсөн өнөөдөр олон төрлийн санаа, соёлын харилцаа нь улам бүр цэцэглэн хөгжиж өөрчлөгдөж байна.

Бодит арга зүйн тухайд, маш баялаг Хятадын соёл улс хоорондын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болж чадсан. Кунзын институт дэлхийн олон оронд байгуулагдсаныг жишээ болгон үзвэл. 2009 оны 10 сар гэхэд дэлхийн 87 орон бүс нутагт 280 гаруй кунзын институт, 200 гаруй кунзын хичээлийн байр байгуулсан. Гэвч зарим оронд дутуу дулимаг зүйл байна. жишээ нь Монголд. Сүүлийн жилүүдэд Япон улсын Монголд ажиллаж олсон амжилт нь анхаарал татаж байна. Японы баримталж буй тактик бол эдийн засгийн тусламжийг идэвхжүүлж, соёлын нэвтрэлээр хүний сэтгэлийг худалдан авах юм. Энэхүү арга нь Монголын засгийн газар, ард түмний талархлыг хүлээж Япон улс бидэнд тусалсан гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Түүнчлэн, соёл боловсролыг бэхжүүлэх “өвсний үндэс “ хөтөлбөрийн хэрэгжилт, Монголын ард түмэн Японд талархах сэтгэлийг улам бүр нэмэгдүүлсэн. Эдийн засгийн хөрөнгө оруулалт бол цаг хугацааных, соёл, боловсролын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр Монгол хүний сэтгэлд гүн гүнзий ул мөр үлдээж чадна гэдгийг Япончууд мэдсэн. Япон хүний сэтгэлийг худалдан авах арга хэрэгсэл цэцэг адил дэлгэрч, монгол хүн Японд талархах сэтгэл тасралтгүйгээр нэмэгдсэн. Японы Гадаад харилцааны сайдын илтгэлд “Өнөөдөр Япон Монголын хамгийн талархан хүлээн авдаг улсын нэг болсон” гэдгийг илэрхийлсэн юм. Дэврүүлээд хэлэхэд, Япон сүүлийн хэдэн жилд эдийн засгийн тусламж болон бусад ажлуудын тусламжтайгаар хоёрдугаар дайны үед монголын ард түмний сэтгэл дотор тогтсон хар толбоо арилгаж, түүхийн үе шатыг давж гарсан. Анхаарал татсан зүйл бол Монголын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл Японыг Монголд хамгийн найрсаг улсуудын нэг гэсэн жагсаалтад оруулсан явдал юм. 2004 онд Монголын зүгээс Японд хоёрдугаар дайны үед Монголд олзонд байсан 10100 цэргийн баримт материалыг хүлээлгэн өгсөн, Японы хүсэлтээр Монгол Улаанбаатарын өмнө хэсэгт Монгол, Японы цэргийн хөшөө босгосон. НҮБ-ын шинэчлэлтийн асуудлаар Монгол Японыг Аюулгүй зөвлөлйин байнгын гишүүн болохыг дэмжсэн, мөн Хойд Солонгосын асуудлаар дэмжлэг өгч ажилладаг, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар нэг байр суурьтай байдаг, бүр 2008 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвших эрхээ Японд найр тавин өгч байлаа.

Гурав. Соёлын зөөлөн хүчийг ашиглан Монголын манай улсад сэрэмжлэх сэтгэлгээг бууруулах.

Илэн далангүйгээр өгүүлэхэд, Хятад, Монголын харилцаанд хамгийн том асуудал бол хоёр талын харилцан итгэлцэл дутмаг байгаа асуудал юм.

Хятадын өнцгөөс харж өгүүлбэл, зарим нэг хүмүүс Монголын тусгаар тогтнолыг янз бүрээр тайлбарладаг, бүр зарим нь Хятадын ар хударгаар гурван монголыг нэгтгэх гэж байна гэж харддаг. Монголчуудын хувьд түүхэн шалтгаанаас улбаатайгаар цөөнгүй монгол хүн, түүний дотор засгийн эрх баригч зарим хүмүүс Хятадаас сэрэмжилж байдаг ба Хятад эрт орой Монголыг эргүүлэн нэгтгэх гэсэн бодолтой байдаг гэж санаа зовнидог. Ердийн монгол хүн Хятадад цагаанаар атаархдаг бас атаархаж хорсдог, басамжилж доромжилдог бас айж сэртхийдэг, харилцаж чаддаг бас өшиж хорсдог байдал оршсоор байна. Хэт ойртохгүй, хэт холдохгүй, угтаж авна харин элгэмсгээр ойртохгүй, хамтран ажиллана харин дагахгүй, найрсаг байна, харин сэргийлнэ гэдэг нь бараг л Монголын Хятадын талаарх бодлого стратеги болоод байна. Хятад, Орос хоёр том хөршийн дунд оршдог, геополитикийн үүднээс хоёр их хөрштэйгөө сайн харилцаатай байх ёстой гэж монголчууд үздэг. Зөвхөн ийм л янзаар Монголд ашигтай байж чадна. Гэвч үүний зэрэгцээ Хятад, Орос хоёр улсын аль нэг талын дарамт шахалтанд орохгүйн үүднээс гуравдагч хөршийг эрэлхийлэн, аюулгүйн байдлын баталгаагаа олохын зэрэгцээ олон улсын тавцан дахь байрь сууриа нэмэгдүүлнэ. Мөн их хэмжээний тусламж дэмжлэг олно гэж үздэг. Хятадтай харилцах харилцаа бол эдийн засгийн ашиг сонирхол дээр суурилсан бол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлын тухайд АНУ зэрэг барууны улсуудыг түшихэд чиглэгджээ. Гуравдагч хөрш хэмээх ойлголт нь бодлогын бичиг баримтаас урган гарсан юм. Энэхүү үзэл баримтлал нь 1994 онд Монгол Улсын Их хурлаар хэлэлцэн баталсан тулгуур шинжтэй эрхзүйн бичиг баримт болох Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал болон Монгол Улсын ҮАБ-ын үзэл баримтлалууд юм. Тэргүүн хэсэгт нь  Орос, Хятад нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэсэн бол дараагийн заалтад нь “Эдийн засгийн салбарт, улсын стратегийн шинжтэй нөөцийг нэг улс болон хэд хэдэн улс дангаар эзэмшихийг хязгаарлаж, Монгол Улс бусад улсын түүхийн эдийн хараат болгохоос сэргийлнэ” гэжээ. Монголын хоёр их хөрш Хятад болон Орос бол түүний стратегийн нөөц баялгийн салбарт урьдчилан сэргийлэх чухал цэг болох нь маш тодорхой байна.

Нэн ялангуяа Монголын өргөн олон нийт рүү чиглэсэн сэжиглэл, болгоомжлолыг бууруулах ажил бол бидний цаашид, удаан хугацаанд хэрэгжүүлэх гадаад харилцааны ажлын чухал үүрэг болох Монгол хүмүүсийн дунд оршсоор байгаа дээрх үзэл бодлоос хялбархан харж болно. Энэ бол хоёр улсын түүхэн баялаг харилцаа болон одоогийн харилцааны онцлогоос урган гарч буй юм. Япон улсын сүүлийн жилүүдэд Монголд хэрэгжүүлж буй дипломат бодлогын амжилтаас нь суралцах зүйл цөөнгүй. Японы Монгол дахь “Засгийн газрын хөгжлийн тусламж”-ийн голлох хэлбэр нь хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа бөгөөд зорилго нь хүмүүнлэгийн үзлийг хэрэгжүүлэх, аюулгүй байдал, энхтайваны олон улсын орчныг бүрдүүлэх, дэмжлэг авагч улсын ашиг сонирхлыг анхаарах, Японы имижийг сайжруулж, халдан түрэмгийлэгчийн муу талын нөлөөг арилгахад оршиж байв. Дээрхийн адил “Эдийн засгийн тусламж ус мэт урсаж, соёлоор нэвтрэн хүний сэтгэлийг татах” арга бол маш их юм. Японы Монгол руу чиглэсэн сумогийн бодлогыг жишээ татвал, жил бүр Японы талаас монголын нэг хүүхдийг японд сүмогийн сургалтад хамруулан, улмаар сургалтын үр дүнд сүмогийн ёкузона цолыг хүртэл авч байгаа нь монгол хүн япон хүнтэй ойр дотно харилцаатай болох хийгээд Японд талархах сэтгэлийг бэхжүүлэв.

Япончууд хийж болж буй зүйлийг бид яагаад хийж болохгүй гэж? Үүнд бидэнд онцгой давуу тал хараахан бүрэн дүүрэн бүрэлдээгүй байна. Хятад, Монгол хоёр улс өргөн хүрээнд соёлын арга хэмжээг хэрэгжүүлж болох талбар бол манай улсын ӨМӨЗО-оор жишээ болгон яривал, хил дамнасан оршин сууж буй нэг үндэстэн, монгол хэлээр хоорондоо ойлголцож, зан заншил адил зэрэг нь хоёр талын энэ чиглэлийн харилцааг явуулахад маш хялбар бөгөөд ашигтай нөхцлийг бүрдүүлж байна. Хоёр тал монгол үндэстний морин хуур, уртын дуу, бөх, нум сум зэрэг олон талаар харилцаж, харилцаа, хамтын ажиллагаагаа, найрсаг дотно байдлаа бэхжүүлэх боломжтой. Хятад, Монгол хоёр улс 2005 онд уртын дууг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгүүлсэн нь хамтын ажиллагааны сонгодог амжилт юм.

Үүний зэрэгцээ 90-ээд оноос хойш манай улсын Өвөр монголын монгол хэлний суваг болон Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай Сансар кабелийн телевиз Монголд нээгдэж түүх, урлаг уран сайхан, спорт, мэдээлэл, цаг үеийн хөтөлбөрүүдийг хүргэж эхэлсэн нь монголын өргөн олон нийт үзэгчдийн сонирхлыг татаж, энэ талаар хоёр тал хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд болон Монголд биднийг сурталчлах сайхан боломжийг бүрдүүлсэн. Хятад, Монгол хамтарсан хөрөнгө оруулалттай Сансар кабелийн телевиз нэвтрүүлэг цацсанаас хойш Хятадын ТВ-ийн нэвтрүүлэг гарах болж, Хятадын төв телевизийн сувгуудаас гадна мөн феникс, Бээжин, Өвөр монгол, Шанхай, Шинжаан зэрэг хорь гаруй суваг Монголд гарах болж, монголын өргөн олон үзэгчдийн эдийн засаг, соёл, биеийн тамир, боловсрол, өдөр тутмын амьдралд маш их нөлөө үзүүлж, монголын ард түмэн Хятадыг тодорхой ойлгох, мэдэх, Хятадын гүйцэтгэх үүргийг ойлгоход идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Иймээс энэ чиглэлээр сайн ажиллаж, улмаар монгол хүний хэрэгцээ шаардлагад нийцэхүйц хөтөлбөрөөр баяжуулах хэрэгтэй байна. Хоёр орны соёлын харилцаанаас харахад, Кунзын институт нээгдсэн болон 1998 онд хоёр улсын засгийн газар хооронд гарын үсэг зурсан “Боловсролын зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр” болон 2000 онд хоёр тал гарын үсэг зурсан хятадын талын буцалтгүй тусламжаар монгол оюутныг сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” зэрэг нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг шинээр урагшлуулав. 2010 оны эхэн гэхэд Монголын холбогдох албаны мэдээллээр жил бүр хятадад албаны шугамаар суралцаж буй оюутан болон өөрийн зардлаар суралцаж буй оюутны тоо 3 мянга гаруй болсон байна. Тэдний нэлээдгүй хэсэг нь цаашид хоёр улсын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно. Иймд хамтарсан найрамдалт арга хэмжээгээр тэдний ажлыг бэхжүүлэх хэрэгтэй.

Хятад, Монголын харилцаа хөгжиж байгаа ба Хятадын олон улсын байр суурь бэхжиж байгаатай холбоотойгоор Хятадад сурч буй монгол оюутны тоо нэмэгдэхийн зэрэгцээ Монголын дотоодод мөн хятад хэл сурах явдал нэмэгдэж байна. Орос болон англи хэл бол монголын залуучуудын хамгийн эхэнд сонгодог хэл байсан үе өнгөрч, одоо цөөнгүй монгол хүүхэд хятад хэлийг сонгон сурч, хятад хэл сурах хүний тоо зөвхөн англи хэлний дараа орж байна. Монголын холбогдох албаны стаитстикаар монголын 41 их дээд сургуульд болон 14 дунд сургуульд хятад хэлний хичээл орж 2600 гаруй хүн сурч буй гэсэн статистик байна. Хятад хэлний сургалтын төв үүнд ороогүй. Монголын залуучуудын хятад хэл сурах эрмэлзэл нэмэгдэж буйтай холбоотойгоор Вэнь Зябао Ерөнхий сайд ирэх таван жилд 2000 оюутан сургана гэдгээ Монгол Улсын засгийн газарт амлав. Мөн 300 залууг Хятадад аялахыг урьсан. Мөн С.Батболд ерөнхий сайдтай хамт Хятадын соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд оролцсон. Энэ нь хятадын засгийн газарын гадаад дахь 9 дэх соёлын төв, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдлын шинэ тавцан болно гэдэгт итгэж байна.

Дээр дурдсанаас зөвхөн одоо байгаа асуудлуудыг анхаарч, холбогдох бодлогыг хэрэгжүүлснээр харилцан ойлголцолтойгоор, Монгол руу чиглэсэн гадаад харилцаандаа Хятадын эдийн засгийн болон зөөлөн хүчний боломжийг нэгтгэж гэмээ нь монголчуудын хятадаас сэрэмжилсэн, хардсан үзэл аажим аажмаар алга болно. Мэдээж, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд яарах хэрэггүй, хоёр орны улстөрчид, холбогдох алба, судлаачдын мэдлэг, идэвх хэрэгтэй. Хоёр орны урт удаан хугаацааны эрх ашгаас гарсан эрүүл цэвэр бодит хандлагаас асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж, Хятадын Монгол руу чиглэсэн стратегийн хэрэгцээ шаардлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэхүү макро том зорилтыг хэрэгжүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь  маш чухал юм.



Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн Евро-Азийн Нийгмийн хөгжлийн судалгаа сэтгүүлийн 2011 оны дугаарт судлаач Ван Иминий бичсэн өгүүллийг бүрэн эхээр нь орчуулав.

Орчуулсан О.ЦЭРЭНДОНДОГ

Төв банкны мөнгөний бодлогын хэрэгсэл ба зах зээл дэх дохио: Monetary policy tools of the central bank and their signals to market

Тархиа цэнэглэхүй №1: Санхүүгийн мэдээ унших хэрэгцээ буюу Reading Financial statements: Balance sheet, the Income statement, and the Cash flow statement; and and needs of doing so

Азийн ирээдүйн газрын зураг: Дундад Улсын ноёрхол зайлшгүй зүйл үү? Монголчуудын ирээдүй

Гадаад худалдааны чиг хандлага: Монгол Улсын чөлөөт худалдааны хэлэлцээр

Ноён доллар буюу Greenback-ийн ирээдүй: Доллар уу? Юань уу? Алт уу? эсвэл ямар нэгэн үү?

Төв банкны мөнгөний бодлого ба өнөөгий Монголын улс төрийн байдал

Бид хаашаа явж байна вэ? Тогтвортой хөгжил үү? Хөөсрөл тэсрэлтийн цикл үү? Аль эсвэл уналт уу?

Монгол Улсын гадаад харилцаа ба БНХАУ